Өнгөрсөн баасан гарагт Нигерийн хойд муж дахь сургууль рүү зэвсэглэсэн этгээдүүд халдаж сурагчдын хамт зугтсан. Кацина мужийн эрх баригчид сургуулийн дотуур байранд амьдардаг 800 хөвгүүдийн 300 гаруй нь ор сураггүй алга болсон гэж мэдэгджээ.

Ройтерс болон AFP агентлагийн мэдээлснээр Боко Харам бүлэглэлээс аудио бичлэг илгээсэн бөгөөд тэд сураггүй болсон хөвгүүдтэй холбоотой хэргийн ард байгаа гэдгээ хэлсэн гэнэ.

Ройтерс агентлагт ирсэн мэдээллээр бол уг аудио бичлэгт нэгэн эр өөрийгөө Боко Харам бүлэглэлийн удирдагч гэж хэлжээ.

Бичлэгт “Кацинад болсон үйл явдал бол Аллахыг сурталчлах зорилготой байсан. Тэнд явагдаж буй барууны боловсрол нь Исламын шашинг үгүйсгэх, ариун бошиглогчийн зөвшөөрсөн боловсролын төрөл биш байсан тул хөвгүүдийг хулгайлсан” гэжээ.

Тус аудио бичлэг нь жинхэнэ эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ AFP-ийн мэдэгдсэнээр бол тус бичлэг Боко Харам бүлэглэлээс ирж байсан өмнөх бичлэгүүдтэй адил сувгаар дамжсан гэжээ.

Боко Харам зэвсэгт бүлэглэл нь барууны үнэт зүйл болон боловсролыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүнтэй адил хэрэг 2014 онд Нигерийн зүүн хойд хэсэгт болж байсан юм. Тухайн үед бүлэглэл 200 гаруй сурагч охидыг хулгайлж байжээ.

Leave a Reply