Иргэний нийгмийн байгууллагууд маргинал бүлгийнхнийг ийнхүү тодорхойлон судалж, тэдэнд төрийн зүгээс ямар үйлчилгээ үзүүлэх ёстой талаарх зөвлөмжийг боловсруулж байна. “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслээс жил бүр “БОЛОВСРОЛ: МӨНГӨ, ЧАНАР, ХАРИУЦЛАГА” тодотголтой боловсролын салбарын аль нэг асуудлыг хөндөн, салбарын иргэний нийгэм, мэргэжилтэн, багш, эцэг эхийн төлөөллийг оролцуулсан чуулга уулзалт зохион байгуулдаг. Тэд энэ удаад 10 дахь удаагаа чууллаа. Энэ жилийн хувьд КОВИД-19 цар тахлын нөлөөллөөс үүдэлтэй цахимаар хуралджээ. Цахим чуулганаар цар тахал боловсролын салбарт ямар нөлөөллийг үзүүлсэн, тэгш хамруулах боловсролын талаарх асуудлуудыг багцлан хэлэлцсэн байна. Ингэхдээ хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр болсон боловсролын асуудлуудаар хийсэн хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээнүүдийг оролцогч талуудад танилцуулжээ.
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР “ЦАХИМ” СУРГАЛТТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТ БҮХИЙ БҮЛЭГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ

БШУС-ын яамнаас өгсөн мэдээгээр теле хичээлд хамрагдалтын хувьд эхний 2 сар 81%-тай байсан бол дараагийн сараас 66% болон буурсан үзүүлэлттэй гарчээ. Хүүхдүүдийн 10-15% интернетийн сүлжээгүй, хөдөөгийн алслагдмал газар амьдарч байна гэжээ. Салбар яамнаас боловсролын салбарын мэдээллийн сангаас хүүхдийн амьдралын нөхцөл байдлын судалгааг 4 үзүүлэлтээр авч үзэхэд амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхөд амьдардаг 8542, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхөд амьдардаг 1608, эцэг эх нь хоёулаа ажилгүй өрхөд амьдардаг 12774, нэн ядуу өрхөд амьдардаг 2227 хүүхэд гарсан байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн цэцэрлэгүүдэд суралцаж буй зорилтот бүлгийн хүүхдүүдийн нөхцөл байдлын судалгааг хийж үзэхэд 24 цагийн цэцэрлэгт 2716 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд үүнээс зорилтот бүлгийн 371 хүүхдийн 134 нь хагас өнчин, бүтэн өнчин 16, хоол хүнсээр дутмаг 236, өдрийн цагаар харах хүнгүй гэртээ үлддэг 123, эцэг эх, асран хамгаалагч нь үл хайхардаг 58, хамаатан болон айлд амьдардаг 42 хүүхэд тус тус байжээ.
Цахим болон теле сургалтын гадна үлдэх эрсдэлт бүлгүүд болох нийгмийн үйлчилгээ, төрийн бодлогын нөлөөнөөс хол, алслагдмал газар суурьшсан, дэд бүтцийн хүртээмжгүй нөхцөлд амьдардаг, хүнд нөхцөлийг даван туулах, шинэ нөхцөлд дасан зохицох чадавх хязгаарлагдмал, дижитал технологийн хүртээмжгүй нөхцөлд амьдардаг, албан бус эдийн засгаас хамааралтай өрхийн хүүхдүүдэд боловсрол түгээж буй хэлбэр хүртээмжтэй байж чадсан эсэх талаар судалжээ. Тодруулбал малчин өрхийн хүүхдүүд, ядууралд өртсөн гэр бүлийн хүүхдүүд, хэл соёлын цөөнх хүүхдүүд, жирийн сургуульд дөнгөж явж эхэлж байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхцөл байдлын талаар мониторинг хийжээ.



Хэлэлцүүлэгт Ази, номхон далайн бүсийн улс орнууд цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу үйлдэл, сайн туршлага, хэтийн төлөвийг Ази, Номхон далайн бүсээс суурь болон насанд хүрэгчдийн боловсролын нийгэмлэгийн бодлогын шинжээч хэлэлцүүлгийн үеэр танилцуулжээ. Хөгжингүй орнуудын хувьд халдвар хамгааллаа сайжруулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сайн хийсэн учраас дунджаар 47 хоногийн хичээл хоцрогдолтой байтал хөгжиж буй улсууд буюу манай улсын хувьд дунджаар 70 хоногийн хичээл завсардалт үүссэн байна. Мөн хэлэлцүүлгийн үеэр 21 аймгийн төлөөллөөс оролцсон учраас тэдний зүгээс ямар ч халдвар тархаагүй газар буюу аймаг, сумын төвүүдэд хичээл орж болох байсан тухай асуудлыг хөндөж байлаа. Ялангуяа эцэг эхчүүд дөнгөж нэг хоёрдугаар ангийн хүүхдүүд, төгсөх ангийн хүүхэдтэй эцэг эх сургууль завсардалтад санаа зовж байгаагаа ч илэрхийлжээ.
Монголын оюутны холбооноос 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр их, дээд сургуулиудын цахим хичээл, төлбөр, оюутны байрын талаар оюутнуудад тулгамдаж байгаа асуудлыг тусгаж, шийдлийн хамт албан бичгээр БШУЯ-нд хүргүүлсэн байна. Үүнд:
- Хүртээмжгүй: цахим сургалт, техник хангамж, интернет сүлжээгүй, хурд удаан, багтаамжгүй, давтан үзэх боломжгүй
- Чанаргүй: сургалтын арга зүй, стандарт, агуулга
- Цаг үетэй зохицоогүй: уян хатан бус, амьдралын бололцоо, боломжийг харгалзахгүй байх, орон нутаг, алслагдсан байдлыг тооцохгүй цаг хугацаагаар шахах
- Хүрэлцээгүй: оюутан бүрд цахим сургалтын гарын авлага, ном, товхимол, техник хэрэгсэл байхгүй байна гэсэн хүсэлтийг илэрхийлсэн тухайгаа энэ чуулганы үеэр танилцуулсан юм. Тиймээс эдгээр асуудлыг хэлэлцэж боловсролын салбарын үйл ажиллагаанд бодлогын баримт бичгийг гаргах шийдэлд хүрчээ. Боловсрол, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэлд анхаарч, ялгаатай арга хэмжээнүүд авах тухай төрд хандсан зөвлөмжүүдийг гаргах юм байна. Мөн боловсролын салбарт хэмнэсэн төсвийг зөвхөн боловсролынх нь салбарт тусгах шаардлагыг тусгахаар төлөвлөжээ. Тодруулбал:
Доор дурдсан боловсролын салбарын төсвийн мөнгийг өөр захиран зарцуулах улирдлага руу шилжүүлсэн байна.
ЦАХИМ СУРГАЛТТАЙ ХОЛБООТОЙ ХЭМНЭГДСЭН ЗАРДЛУУД
- Халуун ус, хүйтэн ус, саарал (бохир) ус
- Дулаан (ашиглагдаагүй барилгын дулааныг бууруулсан бөгөөд 2020.04.15-наас эхлэн бүх шатны сургууль, цэцэрлэгийн дулааныг зогсоосон.)
- Сургууль, цэцэрлэгийн барилгын цэвэрлэгч, үйлчилгээ (цэвэрлэгээний бодис, ариун цэврийн цаас гэх мэт зардал)
- Цахилгаан (гадна, дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж)
- Хүүхдийн хоол, цай
- Харуул хамгаалалт
- Сургууль, цэцэрлэгүүдийн менежмент, захиргааны
- Гадаад багш нарын цалин, байр, унаа, нислэг, хоолны
- Бичиг хэргийн
Сургалтын тоног төхөөрөмжийн гэх мэт зардлуудыг хэмнэсэн төсвийг боловсролын салбарын хүртээмжтэй тэгш хамруулалтад зарцуулах ёстой гэсэн шүүмжлэлийг хөндөж байлаа.

Түрүүн төрд чиглэсэн бодлогын баримт бичиг гаргасан гэж байсан. Ямар асуудлуудад та бүгд нэгдэж баримт бичиг гаргахаар болсон бэ? Өөрөөр бол энэ боловсролын чуулган ямар үр дүнд хүрэв?
За бид зөвлөмжөө хэд хэдэн асуудал болгон багцалсан байгаа. Эхний багц хэсэг бол хуульд орох өөрчлөлтүүд хэрэгтэй юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийж байгаатай холбогдуулан цахим зайны сургалтын зохицуулалтыг нарийвчлан хийх хэрэгтэй. Бүтэн бүлэг нэмэх хэрэгтэй. Дараа нь СӨБ болон ЕБС-ийн төвшинд цахим платформтой болох хэрэгтэй байна. Ангиараа ордог түүнээс биш телевизийн урсгал мэдээлэл теле хичээл болоод өнгөрдөг биш ангиараа ороод ярилцдаг хэлэлцдэг талбар хөгжүүлэлт хэрэгтэй. Түүнийг нь сангийн яамнаас төсөв тавьдаг байх гэсэн саналууд ирсэн. Мөн сая 2020 оны 4 дүгээр сард Ковидын эсрэг урт нэртэй хууль батлагдсан. Энэ хуульд өөрчлөлт оруулах. Өөрөөр бол энэ хуульд төсвийг ерөнхийлөн зарцуулагч хооронд төсвийг шилжүүлэн зарцуулж болох заалт орсон учраас боловсролын салбарын нэмэгдсэн төсвийг өөр салбарт зарж байгааг хязгаарлах заалтуудыг өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. Бид хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон боловсролын яамны төсөв санхүүтэй холбоотой зарцуулалтыг харьяа гэхлээр шилэн дансаа хар гээд ам хаагаад байдаг учраас мэдээллийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн асуудал яригдсан. Боловсролын яам танхимын хичээл, цахим хичээл ялгаатай учир онлайн талбарт зориулсан арга зүй агуулгаа шинэчлэх гэх мэт нарийвчилсан зөвлөгөөнүүдийг тусгасан. Дараагийн чухал асуудал бол салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлд бий.
Багш нар, эцэг эхчүүд гээд бүлэг бүлэг зөвлөмжүүд гарч байгаа. Эдгээр зөвлөмжөө бид Засгийн газар холбогдох яам, агентлагуудад хүргэхээр төлөвлөж байна.

Эхний ээлжид бид нийт судалгаан дээр үндэслэн, хэлэлцүүлгийн үеэр гарч байсан саналуудыг тусган боловсрол эвслийнхээ удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зөвлөмжөө эцэслээд, төрийн шийдвэр гаргагчдад хүргүүлэхээр төлөвлөж байгаа. Хэдийгээр боловсролын салбарын бодлого цаасан дээр байгаа ч хэрэгжилт учир дутагдалтай. Бидний зөвлөмжийн голлох агуулга нь хүний эрхийн үнэт зүйлийг дээдэлж, тэгш хамруулах боловсролын зарчмуудаасаа огт ухарч болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Хүн бүр өөр өөр ялгаатай байдлаар суралцдаг. Тиймээс энэ хэрэгцээг харгалзсан заах арга зүйг боловсруулах зөвлөмж гаргаж байгаа. Багшийн заах арга зүй ч үүнийг дагаад сайжрах ёстой. Хүн бүрийн ялгаатай байдал бол хүн бүрийн онцлог хэрэгцээ л гэсэн үг. Тухайн хүүхдийн суралцахуйд нь саад тотгор учирч л байвал түүнд нь хариу үйлдэл үзүүлдэг тогтолцоог бий болгох, үүнийг хэрэгжүүлэх төсвийг суулгах зөвлөмжүүдийг өгч байна. Сурах бичиг, орчин, багшлах хүний нөөц, дэд бүтэц, хүүхдүүдийн харилцаа хандлагын гэх мэт бүх л төвшинд хүүхдэд саадгүй сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гурван сайдын цогц дэмжлэгийн журамд сургуулийн дэмжлэгийн баг байгуулж ажиллах тухай заасан байдаг. Энэ нь тусгай хэрэгцээтэй хүүхдийг сургахын тулд зөвхөн багш ажиллахгүй. Багшид сургуулийн захирал, менежер, эмч, нийгмийн ажилтан, шаардлагатай бол эцэг эх гээд бүгд баг болон ажиллаж тухайн хүүхдэд хамтарсан дэмжлэг үзүүлэх багшийг дэмжсэн тогтолцоог бий болгосон. Тиймээс энэ дэмжлэгийн багийг сургууль бүрт ажиллуулдаг, болох хэрэгтэй байна. Мөн бид боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлэх зөвлөмжүүд өгч байна.
Өмнө нь боловсролын хуульд 20 хувь байхаар заасан байсан ч 2012 онд энэ заалтыг авчихсан. Тиймээс олон улсын жишиг туршлагыг харсан ч гэсэн боловсролын тусгай хэрэгцээтэй байгаа олон хүүхдүүдийг дэмжиж ажиллахын тулд хөрөнгө оруулалтаа нэмэх зайлшгүй шаардлагатай болоод байна.