“Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймэн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн.”
“Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид гудамж, талбайн жагсаалыг зохион байгуулалттай хийж, Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгож, ард түмнийг өдөөн турхирахыг үгүйсгэхгүй гэж бодож байна. Би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн институт хооронд улс төрийн зүй бус харьцаа үүсэх вий, үүнээс болж олон нийтийг хамарсан үймэн самуун үүсч, Монгол хүний амь нас хохирох вий гэхээс урьдчилсан сэргийлж байна. Бид долдугаар сарын 1-нийг мартаагүй, дахин ийм зүйл гаргахгүй байх ёстой. Тиймээс миний шийдвэр ч бас үүнтэй холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, ард түмний аюулгүй байдлын хангах үүрэгтэй ч үүнийг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуульд зориулсан улс төрийн оноо авах гэсэн, ард түмний сэтгэл санааг үймүүлсэн ийм мэдээ, мэдээллүүдийг өөрийн харьяа хэвлэлээр дамжуулж явуулж байгаа.
Цаашид Монгол Улсын ард түмний эрх ашгийг хамгаалах хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Дээрээс нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаа.
Тиймээс улс орныхоо тогтвортой байдал, амгалан тайван байдлыг бодож цар тахлын хүнд цагт төр засгийн хэвийн үйл ажиллагаа явуулахын эсрэг асуудал үүсэх вий гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломж надад алга боллоо. Би ард түмнээ боддог. Маргааш шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой.
Улс төрийн үймээн самуунаас болж улс орон эмх замбаараагүй байдалд хүрэхийг би хүсэхгүй байна. Цар тахлын ийм хүнд цагт улс төр хийхгүй, хурдан давж туулах ёстой.
Цаашид аюулт цар тахлаас ард түмнээ аврах ёстой. Цагаан сарын дараагаас эхлэн вакцин оруулж ирнэ, эхний ээлжинд Энэтхэг Улсын Засгийн газар өгөхөө мэдэгдсэн. Олон Улсын байгууллага, ДЭМБ гээд олон байгууллага вакцинаар туслана гэдгээ мэдэгдсэн. Тиймээс дараагийн Засгийн газрын хурдан эмхлэн байгуулж, ажилдаа орох ёстой. Би улс төрөөс явахгүй. Надад итгэл хүлээлгэж, намайг дэмжсэн Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Би цаашид шударга ёсны, шударга шүүхтэй байх, Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. АТГ нэг хүнээс хараат бус байх, хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улс төрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй. Тиймээс ард түмэн хариуцлага тооцож ажиллана гэж итгэж байна. Надад таван жил итгэл хүлээлгэж, хариуцлагатай албанд ажиллуулсан ард түмэндээ баярлалаа. Надад дэмжлэг үзүүлсэн нийт ард түмэн, УИХ-даа чин сэтгэлээсээ талархлаа.