Алибаба группыг үүсгэн байгуулагч Жек Ма 3 сарын дараа олон нийтэд анх удаа гарч ирлээ. Тэрээр өнгөрөгч жил Хятадын санхүүгийн зохицуулагч байгууллага, Засгийн газрыг шүүмжилсэнээс хойш олон нийтэд харагдаагүй ор сураггүй алга болоод байсан билээ.
Хятадын коммунист намтай холбоотой Global Times болон бусад мэдээллийн хэрэгслүүд Жек Маг өөрийн буяны байгууллагаас зохион байгуулсан онлайн арга хэмжээнд оролцсон гэж Лхагва гарагт мэдээлсэн байна.
Тэрээр онлайн арга хэмжээний үеэр боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг ярьсан бөгөөд энэ үеэрээ яагаад алга болсон, хаана байсан талаараа нэг ч үг дурьдаагүй.
Хятадын тэрбумтан Жек Ма нь өнгөрөгч оны 10-р сард хэлсэн үгэндээ Хятадын санхүүгийн зохицуулагч байгууллагын үйл ажиллагааг шүүмжилж, хоцрогдсон арга барилаар ажилладаг гэж хэлж байсан. Түүнээсээ хойш сураг тасраад байсан билээ.
Тэр явдлаас нэг сарын дараа Хятадын засгийн газар, Алибабагийн санхүүгийн Ант группыг хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахаар төлөвлөж байсан ажлыг нь саатуулсан юм. Улмаар Бээжингээс 12-р сард тус компанийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн.
Энэ бүх үйл явдлууд Алибабагийн хувьцаа унахад маш томоор нөлөөлсөн. Гэхдээ Жек Маг лхагва гарагт олон нийтэд дахин гарч ирсэний дараачаар хувьцааны үнэ 10 хувиар нэмэгджээ.