Финландын Лапланд мужийн Салла хот 2032 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр компанит ажлаа эхлүүллээ. Салла хот уур амьсгалын өөрчлөлтийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор цаг уурын өөрчлөлттэй тэмцэх санаачлагыг сурталчилгаандаа тусгажээ.
Финландын Салла хотод өвлийн улиралд цаг уурын хэм цельсийн -50 градус хүртэл хүрдэг бөгөөд албан ёсоор дэлхийн хамгийн хүйтэн хот гэж нэрлэгддэг.
2032 оны зуны олимпын наадмыг зохиох эрхийн төлөөр өрсөлдөж байгаа Салла хот уур амьсгалын өөрчлөлт, температурын өсөлтийг дэлхий нийтэд анхааруулах үүднээс сурталчилгаандаа ашиглаж байна.
Видеонд хотын нэгэн оршин суугч: “Би хэзээ ч дулаан уур амьсгалыг мэдэрч байгаагүй. Гэхдээ энэ мөч ирж байгааг мэдэж байна” гэж хэлжээ.
Тэдний хэлэх гэж байгаа санаа нь бол Салла хот 2032 он гэхэд зуны олимпыг зохион байгуулахад төгс тохирох дулаахан хот болно. Тэдэнтэй хамт өрсөлдөж буй Жакарта, Истанбул, Сөүл зэрэг хотуудаас илүүтэйгээр Олимпын наадмыг хүлээж авах боломжтой гэсэн үг юм. Гэхдээ энэ нь мэдээж дэлхийн цаг уурын өөрчлөлт, дэлхийн температурын дулаарал нь хамгийн хүйтэн хотыг ч зуны олимпын наадам зохион байгуулах хэмжээнд очтол муугаар нөлөөлж байгааг дэлхий нийтэд давхар сануулж байна.
“Олимпын наадам, олимпизмийн хөдөлгөөн бол дэлхий улс орнуудыг нэгтгэх үнэт зүйл, санаа юм. Бид уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын хямралын төлөө ямар нэгэн зүйл хийхийг хичээж байгаа нь Олимпизмийн хөдөлгөөнтэй төгс нийцнэ гэж бодож байна” гэж Салла хотын дарга Эркки Парккинен ярьжээ.