ОХУ-ын Казань хот 2022 оны өвлийн тусгай олимпыг зохиохоор боллоо. Тус тэмцээнд дэлхийн 100 гаруй орны 2000 оюуны бэрхшээлтэй тамирчид оролцох юм.

Оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдын оролцдог өвлийн тусгай олимп ОХУ-ын Казань хотод болохоор тов гарлаа. 2022 оны тусгай өвлийн олимпыг зохион байгуулахаар сонгогдоод байсан Швед улс эцсийн мөчид санхүүгийн асуудлын улмаас нэрээ татсан тул Казань зохион байгуулагч хотоор сонгогдсон юм.

Казань хот спортын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулж байсан туршлагатай хот юм. 2015 оны дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээн, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ зэрэг томоохон спортын эвентүүд Казаньд болж байсан.

Тусгай олимпын наадам нь 1968 онд байгуулагдсан бөгөөд оюуны бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг зогсоох зорилготой олон улсын хэмжээний хөдөлгөөн юм. Жил бүр олимпын төрлийн 30 спортоор 100,000 гаруй тэмцээн уралдаан оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдын дунд зохиогддог юм.

20 гаруй жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн ОХУ-ын тусгай олимпын наадамд нийт 128 мянга гаруй тамирчид улс орон даяар идэвхтэй оролцож байна. Гэхдээ энэ нь ОХУ-д байдаг 3 сая орчим Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн дөнгөж 4%-ийг төлөөлдөг гэсэн тооцоо гарчээ.

Leave a Reply