Энэ долоо хоногийн лхагва гарагт Л.Оюун-эрдэнэ ерөнхий сайдаар томилоглогдсон бол харин баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Л.Оюун-эрдэнийн засгийн газрын кабинетэд ажиллах сайд нарыг хэлэлцэн баталлаа. Энэ удаагийн Засгийн газрын шинэ танхимд ажиллах хүмүүст тавьсан гол шалгуур болон онцлог нь өмнөх Засгийн газрын гишүүдээс бараг тал хувийг нь улирааж ажиллуулах, мөн нийгмийн хүлээлтийг харгалзаж эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж түүхэндээ анх удаа 4 эмэгтэй сайдтай болж байна. Мөн үүнээс гадна С.Амарсайхан, Ц.Нямдорж, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Энхболд, Н.Уртнасан, Ч.Номин нарын найман хүнийг танхимын гаднаас шинээр оруулж ирсэн юм. Мөн салбарын сайд нарыг бүгдийг нь шинэ хүмүүсээр бүрдүүлэх гэхээсээ илүү дотооддоо цар тахалтай байгаа энэ үед өмнөх танхимаас нэр бүхий сайд нарыг улираах нь зөв гэдэг дээр МАН-ын УЗ-ийн гишүүд санал нэгдсэн. Ийнхүү Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцуулах юм. Үүний дараагаар сайдууд УИХ-ын чуулганд Засгийн газрын гишүүний тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх юм. Ингээд шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг танилцуулья.
Шадар сайд – С.Амарсайхан
ЗГХЭГ-ын дарга – Ц.Нямдорж
Сангийн сайд – Б.Жавхлан
Хууль, зүй дотоод хэргийн сайд – Х.Нямбаатар
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Н.Уртнасан
Гадаад харилцааны сайд – Б.Батцэцэг
Боловсрол, шинжлэх ухааны сайд – Л.Энх-Амгалан
Барилга, хот байгуулалтын сайд – Б.Мөнхбаатар
Зам тээврийн хөгжлийн сайд – Л.Халтар
Эрчим хүчний сайд – Н.Тавинбэх
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Г.Ёндон
ХХААХҮ-ийн сайд – З.Мэндсайхан
Батлан хамгаалахын сайд – Г.Сайханбаяр
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – А.Ариунзаяа
Эрүүл мэндийн сайд – С.Энхболд
Соёлын сайд – Ч.Номин нарыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүнээр томилохоор санал нэгдлээ