АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, үр хөндөлтийг дэмждэг бүлгүүдэд санхүүжилт олгох тогтоолыг баталсан байна. Тэрээр өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг өөрчлөн, гүйцэтгэх захирамжуудад гарын үсэг зурсан юм.

Жо Байдены баталсан уг захирамж нь бага орлоготой иргэд Боломжит тусламжийн тухай хууль буюу Obamacare хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн даатгалд хамрагдахад нь туслах зорилготой юм.

Мөн өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж байсан үр хөндөлтийг дэмждэг бүлгүүдийн санхүүжилтийг зогсоох бодлогыг хүчингүй болгосон байна.

Байден: “Эдгээр захирамжууд нь Трампын учруулсан хохирлыг арилгах болно. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь 2017 онд Трампыг албан тушаалаа авахаас өмнөх үеийн байдалтай адилхан болж сэргэнэ ” гэж хэлжээ.

Байден өнгөрөгч 11-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө компанит ажлынхаа үеэр хямд үнэтэй эрүүл мэндийн төрийн үйлчилгээний хүртээмжийг бэхжүүлнэ гэж амалж байсан юм.

Гэвч энэхүү эрүүл мэндийн даатгалын тогтолцоо болон үр хөндөлтийн тухай асуудал нь АНУ-д хуваагдмал байдлыг үүсгээд байна.

Leave a Reply