Тэрээр “Улсын их хурдын гишүүн С.Батболд намайг төрийн эргэлт хийсэн, Оюу толгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар намайг Нью Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцорсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг тараагдаж байна.

Засгийн газрын аливаа нэгэн байгууллага Нью Йоркийн болон гадаадын өөр улсад ийм нэхэмжлэл надтай холбогдуулан гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ Засгийн газрын эх сурвалжууд удаа дараа мэдэгдсээр ирлээ.

Харин Нийслэлийн Прокурорын газар нь анх БЗД-ийн Иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэж, мөн гадаадын хуулийн фирм болох Кинг энд Спалдинг компанид БЗД-ийн иргэний хэргийн шүүхийн үйл явцтай холбоотой мэдээллүүдийг өгсөн гэх мэдээлэл байна. Мөн Нийслэлийн прокурорын газрын өгсөн чиглэлийн дагуу дээрх хуулийн компани нь гадаадын орнуудад маргаан анх үүсгэсэн бөгөөд Солонгосын иргэдийн надад хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг Нью Йоркийн шүүхэд гаргасан байна. Нью Йоркийн шүүхээс тухайн өмчийг царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргасны дараа 2020 оны 12 дугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө миний эсрэг нэхэмжлэлээ Кинг энд Спалдинг компани нь өөрөө зогсоосон гэдэг нь Нью Йоркийн шүүхийн вебсайт дээр олон нийтэд ил тод байгаа. Мөн 2021 оны 1 дүгээр сарын 19-нд нэр дурьдагдсан Солонгос иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлүүдээ Нью Йоркийн шүүхэд зогсоосон гэсэн мэдээлэл бидэнд байна.

Иймд Нийслэлийн прокурорын газар ямар үндэслэлээр маргаан үүсгэж, яагаад гадаадын хуулийн компанид хандах болсон, яагаад маргаанаа зогсоох болсон шалтгаанаа өөрөө тайлбарлах, нэхэмжлэл гаргаж зогсоосон гээд байгаа Кинг энд Спалдинг компаниасаа албан ёсны тайлбар гаргуулах ёстой. Харин энэ компани хэний даалгавраар цаг хугацааны хувьд ийм нарийн зохион байгуулалттайгаар маргаанаа бүрэн зогсооныг татан авсан мэтээр олон нийтэд ойлгуулах болсныг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ бүх үйлдлийг хэн хаанаас удирдан санхүүжүүлж байгааг ч шалгуулж үнэн зөвийг тогтоох ёстой. 

Засгийн газарт огт хамаагүй энэ үйлдлийг Монгол Улсын Засгийн газарт хамаатуулж, миний нэрийг хутгаж, тэр байтугай Засгийн газрын огцрох үндэслэл болсон мэтээр гүтгэлэг зохион байгуулж байгаа нь анхнаасаа энэ бүх зүйл нь улстөрийн зорилготой дайралт байсан гэдгийн нотолгоо юм. Харин энэ бүх гүтгэлгийг хэн хаанаас удирдан зохион байгуулж, санхүүжүүлж байгааг шалгуулж үнэн зөвийг тогтоох ёстой гэж үзэж байна. 

Миний тэргүүлсэн Засгийн газар Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад ашигтайгаар сайжруулж, олон зуун сая ам.долларын үр ашгийг Монголын талд авчирсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Үүнийг яаж ч гүтгээд үгүйсгэх боломжгүй юм. 

Иймд үнэн зөвөө тогтоолгон нэр төрөө сэргээлгэхээр маргаашийн дотор шүүхэд нэхэмжлэл гарган хандахаа албан ёсоор мэдэгдэж байна”  гэлээ.

Leave a Reply