Дэлхийн улс төрчид, эрдэмтэн судлаачид, өмнөх Нобелийн шагналтнууд болон тодорхой шалгуурыг хангасан хэн бүхэн Нобелийн шагналд нэр дэвшигчийг тодорхойлж болдог юм.
Энэ жилийн Нобелийн шагналд нэр дэвшигчдийн материалыг нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хүлээж авсан бөгөөд шагналын эздийг ирэх аравдугаар сард тодруулах юм.
Норвейгийн парламентийн гишүүн Петтер Эйд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг арилгахыг уриалсан Black Lives Matter хөдөлгөөнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байна.
Тус хөдөлгөөн нь дан ганц АНУ ч гэлтгүй Европ, Ази зэрэг дэлхийн олон бүс нутагт тархсан билээ. Black lives matter хөдөлгөөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын талаар хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэхэд тус нэмэр оруулж, хөдөлгөөний явцад бодит үр дүн гарсан тул шагналд нэр дэвшүүлсэн гэжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр бусад нэр дэвшигчид дотор Оросын сөрөг хүчний лидер Алексей Навальный, Уур амьсгалын өөрчлөлтийн идэвхтэн Шведийн Грета Тунбэрг, ДЭМБ, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп нар багтжээ.