Улаанбаатар хотын том асуудлуудын нэг бол зайлшгүй замын түгжрэл. Замын түгжрэл нь зөвхөн таны цагийг үрээд зогсохгүй агаар орчны бохирдлыг нэмэхийн зэрэгцээ эрүүл мэнд, эдийн засаг, гээд олон хохирлыг үзүүлж байдаг. Жишээлбэл, Улаанбаатар хотын иргэн өдөрт хоёр цагийг замын түгжрэлд зарцуулбал жилд зам дээр 35 өдөртэй тэнцэх хугацааг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл түгжрэл юунаас үүсээд байгааг судалж үзье.

"манай улсад замын сүлжээний дутагдал,  хот төлөвлөлтийн алдаанаас хамаарч замын хөдөлгөөнд 140 мянган машин л оролцох боломж байдаг"

  1. Автомашины хэрэглээ

Монгол улсад автомашины хэрэглээ харьцангуй бага байсан хэдий ч 2015 оноос хойш машины үнэ, лизингээс хамаарч нийтийн тээвэр уналтанд орж, машины импорт нэмэгдэж эхэлсэн. Яг одоогийн байдлаар Монгол улсад бүртгэлтэй 670 мянган машин байгаагаас идэвхтэй 470 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа юм. Мэдээж дугаарын хязгаарлалт бас бус зүйлсийг тооцоолоход өдөрт 230-240 мянган машин замын хөдөлгөөнд оролцдог гэсэн үг. Гэтэл манай улсад замын сүлжээний дутагдал,  хот төлөвлөлтийн алдаанаас хамаарч замын хөдөлгөөнд 140 мянган машин л оролцох боломж байдаг. 

Мөн эдгээр автомашинуудын 40% нь даатгалгүй, 38% нь үзлэг оношлогоонд ороогүй, 78% нь торгуулиа төлөөгүй байгаа нь жолоочдын хариуцлагагүй байдал, баталгаагүй техник ашиглаж байгааг харуулж байна. Манай улсад л автомашины зохицуулалт сул байдаг болохоос бусад улс орнуудад өөр өөрсдийн тогтсон дэг журам байдаг. Жишээ нь Сингапурт нэг автомашиныг 6-аас дээш жил хөдөлгөөнд оролцуулдаггүй. Аль эсвэл эдийн засгийн өсөлтөөр тээврийн хэрэгслийн үнэ, машины дугаар, шатахуун зэргийн үнийг өсгөж автомашины хязгаарлалтыг зохицуулдаг. Гэтэл манай улсад зохицуулалт биш зөрчилтэй машинууд замын хөдөлгөөнд оролцож байгаа нь түгжрэл үүсгэх гол хүчин зүйл болж байна.

 “Их тойруу” хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим автомашины хөдөлгөөн бүртгэгдсэн судалгаа бий"

2. Хотын төвийн ажлын байрны нягтрал

Манай улсын аж ахуйн нэгж, албан байгууллагууд сүүлийн үед ихээр хотын төвд харьяалагддаг болсон. Судалгаагаар  ААН-үүдийн 77% нь Улаанбаатар хотод, 18% нь хотын төвд харьяалагдаж байна. Үүн дээр их дээд сургуулиудыг мартаж болохгүй. Энэ их хүн хотын төвд нягтаршил үүсгэхэд түгжрэл үүсэх нь гарцаагүй. Мэдээж хот төлөвлөлтийн маш том алдаа гарж ирж байгаа юм.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдсэн судалгаагаар “Их тойруу” хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим автомашины хөдөлгөөн бүртгэгдсэн судалгаа бий. Үүнээс дүгнэхэд аан-үүдийг системтэйгээр хуваарилж нэг хэсэгт нягтаршаад байгаа газруудыг тараах нь түгжрэлээс ангижрах жижиг алхам байж болох юм. 

Улаанбаатарт өдөрт жижиг, том 200 гаруй  ослууд гардаг гэсэн тооцоо бий

3. Замын хөдөлгөөнд оролцогч, жолоочдын ур чадвар, хөдөлгөөний соёл

Улаанбаатарт өдөрт жижиг, том 200 гаруй  ослууд гардаг гэсэн тооцоо бий. Мэдээж осол гарах болгонд замын голд түгжрэл үүсэн цагдаа уг асуудлыг шийдэх гэсээр 1-2 цаг үргэлжилдэг. Харин бусад улс оронд жижиг ослыг даатгал нь шийддэг, аль эсүүл хоорондоо харилцан тохирох гэх мэт хялбараар шийдэж түгжрэл үүсэх эрсдэлийг багасгадаг. Үүнийг ч мөн дотооддоо хэрэгжүүлж замаа хурдан хугацаанд суллах нь бас нэгэн том алхам юм. Мөн жолооны курсыг ч чангатгаж чанартай жолооч төгсгөх нь ирээдүйн түгжрэлийн асуудалд бодитой хувь нэмэр үзүүлэх болов уу.

Монголд нийт 1240 нийтийн тээвэр байгаагаас 75% нь арваас илүү жил ашигласан бөгөөд дундаж насжилт 9,5 жил байна.

4. Нийтийн тээврийн хөгжил сул

Маш олон иргэд нийтийн тээвэр цэвэрхэн, аюулгүй байдал нь сайн хангасан бол хувийн машинаараа явах шаардлагагүй гэх хариултыг өгцгөөдөг. Энэ нь ч үнэн. 2022 оны байдлаар Монголд нийт 1240 нийтийн тээвэр байгаагаас 75% нь арваас илүү жил ашигласан бөгөөд дундаж насжилт 9,5 жил байна. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлагад “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг хориглоно” гэсэн зааль бий. Гэтэл Монголын нийтийн тээврийн талаас илүү хувь нь энэ ангилалруу орж байна. Мөн автобус саадгүй зорчих нөхцөлийг хангаж чадахгүй адилхан түгжирч байгаа нь иргэдийг хувийн машинаа унах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Мэдээж нийтийн тээвэр зорчих тусгайлсан эгнээг байгуулах нь түгжрэлийг бууруулах гол арга замуудын нэг болох бөгөөд иргэд ч буцаад нийтийн тээврээр зорчих нь ихэсэн юм.   

  

Энхтайваны өргөн чөлөө 2019 оны байдлаар түгжрэлийн түвшин VCR нь 3.0-аас дээш олон хэсэгт байгаа нь замын хөдөлгөөний түгжрэлийг үүсгэх нөхцөл болж байна

5. Замын сүлжээний дутагдал 

Авто замын сүлжээний урт 2020 оны байдлаар 1135.7 км ба гол зам 148.7 км, туслах зам 226 км, хороолол дундах зам 761 км болон 70 гаруй гүүр, гүүрэн гарц байна. Улаанбаатар хотын хэвтээ чиглэлийн гол коридор болон Энхтайваны өргөн чөлөө 2019 оны байдлаар түгжрэлийн түвшин VCR нь 3.0-аас дээш олон хэсэгт байгаа нь замын хөдөлгөөний түгжрэлийг үүсгэх нөхцөл болж байна. Мөн манай гол болон туслах замын сүлжээ тааруу учир үүнийг явган болон дугуйн замын сүлжээтэй сайжруулж байж түгжрэл багасахад ахиц, нөлөө үзүүлэх юм.

Энэ мэтчилэн асуудлууд өнөөгийн замын түгжрэл үүсэхэд гол шалтгаанууд болж байна. Удахгүй хүйтэрч  Улаанбаатарын түгжрэл одоо байгаагаас улам ихсэнэ гэдгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдэгдээд байгаа. Үүнээс эрт сэргийлэн дээрх асуудлууд дээр их бага арга хэмжээ аван түгжрэлийг бууруулах нь бидний ирээдүйд маш ихээр чухал. Хэдий бид одоо метро бариад түгжрэлийг мартах боломжгүй ч бусад гадны улс орнуудын жишгийг даган уртын хугацаанд түгжрэлийг үе шат дараалалтай бууруулах нь зүйтэй юм.   Мөн түгжрэлийг амжилттай бууруулах нь ганцхан төр засгийн оролцооноос хамаарахгүй гэдгийг бид бүхэн сайн санах хэрэгтэй. Авто замын хөдөлгөөнд оролцож буй иргэн бүрийн оролцоо замын түгжрэлийг бууруулахад томоохон алхам болох юм.

Leave a Reply